Sugar

Жинхэнэ багш

Jul 25, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Жинхэнэ багш

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр анги удирдсан багш эмэгтэй сурагчидынхаа өмнө зогсоод, та нарт бүгдээрэнд чинь хайртай, уулзахдаа баяртай байна гэж хэлж зогсов. Гэхдээ энэ нь, үнэндээ худлаа, зарим хүүхдүүдтэй уулзсандаа баярлаагүйгээр барахгүй, бүр, арын хэсгийн ширээнүүдийн нэгний ард агшчихсан юм шиг бүртийн суух нэгэн хүүг харахаас дургүй нь хүрч байв. Тэр энэ ангийг нэг жилийн өмнөөс дааж авсан бөгөөд, тэр хүү хэнтэй ч тоглохгүй зожиг, бохир хувцастай, эвгүй үнэртэй болохыг тэр үеэс анзаарсандаа тэр үү, улам дургүй болж, хийсэн даалгавар, бичгийн ажилыг нь бараг үзэхгүй шахуу муу тавьна. Нэг удаа хичээлийн эрхлэгч багш нарт, сурагчидын хувийн хэргийн тодорхойлолтыг сургуульд орсон жилээс нь уншиж танилцан, хүүхэд тус бүрээр дүн шинжилгээ хийж тодорхойлолт бичих  үүрэг өгөв. Багш эмэгтэй, өнөөх дургүй хүүгийн хувийн хэргийг хамгийн сүүлд дуртай дургүй уншиж эхлэв. Дуусгах үедээ, тэр үгээр илэрхийлшгүй сэтгэлийн хөдөлгөөнд автсан байлаа. Нэгдүгээр ангийн багш нь хүүгийн тухай, “Инээмсэглэл цацруулсан гайхалтай хүү. Гэрийн даалгавраа нягт нямбай, хичээнгүйлэн хийдэг. Түүнтэй харьцах шиг сайхан зүйл үгүй” гэж бичжээ. Хоёрдугаар ангийн багш: “Найз нөхөд нь үнэлдэг маш сайн сурагч. Гэхдээ гэр орны асуудлуудтай. Ээж нь эдгэшгүй хүнд өвчин туссан, үхэл амьдралын зааг дээр байгаа. Сурлагад нь нөлөөлөх магадлалтайг анхаарах”. Гуравдугаар ангийн багш: “Ээжийнх нь үхэл түүнд маш хүндээр туссан ч тэр их хичээдэг. Эцэг нь огт анхаардаггүй. Ямар нэг арга хэмжээ авахгүй бол сурлагад нь нөлөөлөх магадлалтай”. Дөрөвдүгээр ангийн багш: “Хайнга зантай сурагч. Сурах сонирхолгүй. Найз нөхөдгүй. Хичээлийн үед унтаад өгөх байдал анзаарагддаг”. Энэ бүхнийг уншсаныхаа дараа, багш өөрөө өөрөөсөө ичих шиг болж, дотроос нь юу ч юм зулгаах шиг, зүрх нь базалж, сэтгэл нь өвдөв. Хэсэг хугацааны дараа шинэ жил болж, хүүхдүүд багшдаа бэлэг өгцгөөв. Хүүхдүүдийн туузаар чимсэн гоёмсог бэлгүүд дунд өнөөх хүүгийн бор цаасанд боосон бэлэг ялгарах бөгөөд зарим хүүхдүүд хүүг шоолон инээлдэцгээхэд, багш түүнийг задалж нэгэн дутуу шүртэй бугуйвч гарч ирсэнийг, -Ямар гоё бугуйвч вэ! гэснээ гартаа зүүгээд, дундарч дуусах шахсан үнэртэй ус гарч ирсэнийг нь мөн тэр дор нь түрхэв. Тэр өдөр хүү, хичээлийн дараа багшдаа, -Та өнөөдөр ээж шиг минь үнэртэж байна гэж, зориг муутайхан хэлчихээд явжээ. Түүнийг явсаны дараа багш эмэгтэй өөрийн эрхгүй удаанаар уйлж суужээ. Багш эмэгтэй, үүнээс хойш заах хичээлүүдийнхээ зэрэгцээ сайхан сэтгэл, хүнлэг чанар, ёс зүй, зарчим, зовлонг ойлгох чадварын талаар түлхүү заадаг болсон гэнэ. Хэсэг хугацаа өнгөрч эдгээр хичээл, сургаал мөн багшийн хүнлэг сэтгэлийн ачаар хүү  сайн сурагч болсон аж. Хичээлийн жилийн эхэнд, жил бүр багш хүүхдүүддээ, бүгдэд чинь хайртай, уулзсандаа баяртай байна гэж хэлэх үедээ, зөвхөн тэр хүүг жинхэнээсээ хайрлан байгаагаа мэдэрдэг байв. Хүү сургуулиа төгсч явахдаа –Та, миний амьдралд байсан бүх багш нараас хамгийн сайн нь шүү гэж хэлээд явжээ. Ингээд тэр, багшдаа захидал илгээдэг байв. Колледж, дээд сургууль амжилттай төгсссөн тухайгаа бичиж, тэр бүрдээ багшийгаа хамгийн сайн багш шүү гэж бичнэ. Нэг удаа багш эмэгтэй, хүүгээс, сайн бүсгүйтэй танилцаж, гэрлэх болсон тухайгаа бичээд ээжийн минь оронд хуримын хүндэт суудалд сууж өгөхийг хүссэн захидал авав. Мэдээж хэрэг багш эмэгтэй зөвшөөрч хуримд нь, урд нь бэлгэлсэн бугуйвчийг нь зүүж, ээжийг нь санагдуулдаг үнэртэй усных нь ижлийг нь авч түрхэн ирэв. Тэд уулзаж тэврэлдэх үед, өсч том болж, сайхан залуу болсон хүү, хамгийн дотно үнэрээ танив. Тэр, -Та надад итгэсэнд, намайг хэн нэгэнд хэрэгтэй гэдгийг мэдрүүлсэнд, өөртөө итгэх итгэлийг төрүүлж өгсөнд, сайн мууг ялгаж сургасанд баярладаг. Таны ачаар энэ бүхэнд хүрсэн гэхэд, багш эмэгтэй, -Үгүй ээ, чи буруу бодож байна. Харин чи намайг бүх зүйлд сургасан. Би чамтай танилцахаасаа өмнө юуг ч заах чадваргүй байсан юм гэж хариулжээ. 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Jul 25, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

“Усны хүн” Aug 10, 2018 - Baigalmaa
“Карма” Aug 01, 2018 - Baigalmaa
Мянган үрэл Jul 26, 2018 - Baigalmaa