Sugar

Мянган үрэл

Jul 26, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Мянган үрэл

Өглөөний кофегоо уугаад сууж байтал минь, сайхан дуу хоолойтой өвгөн, хүлээн авагчаар ийнхүү ярьж байх юм. Тэр,- Тиймээ, би та нарыг ажил дээрээ завгүй байгаа гэдэгт мөрий тавихад бэлэн байна. Өчигдөр, өнөөдөр, маргааш ч тэр, үргэлжлээд мөнхийн завгүй. Та нарт минь өндөр цалин өгөөсэй билээ. Энэ цалингаар чинь тэд, амьдралыг тань мөн худалдан авч байгаа гэдэг талаас бодоод үзээрэй. Энэхүү завгүй байх бүхий л хугацаанд, хайртай дотныхонтойгоо хамт байх хугацаагаа алдаж байдгаа бодоорой. Би, та ингэж зав зайгүй ажиллаж байж амьдралаа хангахаас өөр аргагүй гэдэгт тань харин хэзээ ч итгэхгүй. Та мэдээж хэрэг хүслээ биелүүлэх, сэтгэл хангалуун элбэг дэлбэг амьдрахын төлөө ажиллаж байгаа нь дамжиггүй. Гэвч, бас нэг юм хэлмээр байна. Мөнгө их байх тусам, илүү ихийг хүсдэг, тэр илүү ихийг олохын тулд бүр ч их ажилладаг. Тиймээс та, нэг ч удаа атугай өөрөөсөө, -“Надад үнэхээр үнэтэй, бусдыг гайхшруулах, гайхуулах машин хэрэгтэй юу?, Байгаа бүхнээ бусдынхтай харьцуулж, адил болохын тулд үхэн хатан зүтгэх хэрэгтэй юу?, Үүний төлөө үр хүүхэд, гэр бүлтэйгээ хамт байх баяр баяслаар дүүрэн үнэт цаг хугацаагаа хумслах нь зүйтэй юу?” гэж асуугаарай. Би, яг энэ асуултуудыг өөртөө тавьсаар, амьдралынхаа хамгийн гол зүйлийг ойлгоход минь тусалсан, “Мянган үрэл” гэж нэрлэсэн нэг аргаа хуваалцъя.

-Би нэг удаа энэ асуултуудыг өөртөө тавьж сууснаа, хүн бол дундачаар 75 насалдаг. Энэ 75 жилийг, 52-р үржүүлж /жилд 52 ням гариг байдаг/, хүний амьдралд 3900 ням гариг байдаг болохыг тооцов. Энэ тооцоог хийж байхдаа би 55 настай байв.  Ингэхээр миний амьдралд 2900 ням гариг байж өнгөрчээ. Тэгээд хасахаар, үлдсэн амьдралд минь ердөө 1000 ням гариг үлдсэн гэдгийг мэдэв. Энэ их хачин санагдаж, бодлоос салахаа больж, ямар нэг байдлаар нүдэнд тусч санагдуулж байхаар зүйл сэдэхээр шийдэж, хүүхдийн тоглоомын дэлгүүрт харсан жижиг үрлүүдээс мянган ширхэгийг худалдан авч, шилэн саванд хийв. Ингээд ням гариг бүр өнөөх шилнээсээ нэг үрэл авч хаядаг болов. Мэдэгдэхүйц багассан байдал анзаарагдах үед, цаг хугацаа, амьдралын үнэ цэнэ илүү их мэдрэгдэж эхэлсэн. Өнгөрөн одож буй өдрүүдийн хорогдож буйг бодитоор харах шиг хүчтэй арга байдаггүй юм билээ. Харин, өнөөдөр би хайртай гэргийтэйгээ салхинд гарч зугаалахын өмнөхөн, энэ өглөө хамгийн сүүлчийн үрлээ гаргаж хаясан даа. Тиймээс, миний хувьд ирж буй өдөр бүр бэлэг юм. Би өдөр бүрийг талархан хүлээж авч, хамт байгаа хором бүрээ үнэлж, хайртай дотно хүмүүстээ халуун дулаан харилцаа, баяр баясгаланг бэлэг болгон өгөхийг хүсч явна. Энэ л, амьдралыг  туулах ганц арга гэдгийг ойлгосоор байна. Та бүхэнтэй хуваалцахыг хүссэн гол санаа минь ийм байна. Та бүхэндээ үүнийг ярихад таатай байлаа. Би бүр, гэр бүл рүүгээ яарчихлаа. Дахин долгионоор уулзалдна гэж найдъя...

Үүнийг сонссон би гэж хүн, бодолд автлаа. Өнөөдөр ням гариг. Гэр бүлээрээ хамт өнгөрүүлэхэд Бурханаас заяасан, бүр нийгмээс зөвшөөрсөн ховорхон өдөр, гэтэл би дуусгаагүй багахан ажилаа гүйцээж хийхээр, дараа нь ажилынхантайгаа суухаар төлөвлөчихсөн байдаг. Гэсэн ч, би босч унтлагын өрөөндөө орж, эхнэрээ энхрийлэн үнсэж сэрээгээд, -“Хайрт минь босоорой, хүүхдүүдтэйгээ хамт салхинд гаръя” гэлээ. Эхнэр минь, -“Юу болсон бэ? Чи ажилтай гэсэн биш үү?” гэнэ. –“Зүгээр ээ, бид чинь ойрд  амралтын өдрөө хамт өнгөрүүлээгүй шүү дээ” гэж би хариулснаа, -“Бас хүүхдийн тоглоомын дэлгүүр орох хэрэгтэй байна” гэсэн.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Jul 26, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

“Усны хүн” Aug 10, 2018 - Baigalmaa
“Карма” Aug 01, 2018 - Baigalmaa
Мянган үрэл Jul 26, 2018 - Baigalmaa