Sugar

Хаягдсан эмэгтэй

Aug 18, 2020 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Ярилцлага Гэр бүл


Хаягдсан эмэгтэй

Бүх хүн түүнийг ийнхүү бодоцгоож байв:

-Хөөрхий амьтан, нөхөр нь өөр хүүхэн рүү явчихсан. Яаж энийг давах бол доо. Хэцүү дээ, хэцүү.

Харин тэгтэл бүсгүй маань, ханын цаасаа шинээр сольж, гоёмсог хөшиг авч орчиноо гайхалтай сайхнаар өөрчилөв.

-Сэтгэл санаагаар унаад, амиа хорлочих вий, архи дарс уучих вий хэмээн ойр тойрныхон нь хоорондоо ярилцацгаана.

Харин тэгтэл бүсгүй маань, эртлэн босож шинэхэн жимс ногоонд явж, түүгээрээ дуртай амттанаа хийж, хатуу хар кофеныхоо даруулга болгож, өдрийн хоолны жороо өөрчилөн өөрийн дураар сайхан хоол хийж иднэ.

-Хөөрхий ганцаарддаг байх даа, яана даа, хэмээн эцэг эх нь санаа зовж гэр рүүгээ дуудна.

Харин бүсгүй маань хөөрхөн нохойтой болж түүнтэйгээ салхилж, оройдоо Софи де Вильнуазийн зохиолуудаас уншина. Софи түүнд номоороо амьдралаа өөрчилөх, аз жаргалтай ирээдүйд итгэхийг, ятгаж тулгахгүй зөвлөнө.

-Бүсгүй ч баларч байгаа даа, зүгээр харуулахгүй гэж мэрийгээд л байх шиг байна гэж найз эмэгтэйчүүд нь шивнэлдэнэ.

Харин бүсгүй, сийрсэн малгай, сайхан хөнгөхөн дэрвэгэр даашинз, цайвар өнгийн эвтэйхэн шаахай худалдан авч юунд ч юм нэг сайхан зүйлд бэлтгэн байна.

-Тэр  лав шөнөжин дэрэндээ уйлдаг байх даа хэмээн хөршүүд нь ул мөр олж харахыг хичээнэ.

Харин бүсгүй, цонхны дэргэд суун, сайхан үнэрт ногоон цайгаа хорвоогийн сайхныг шимтэнгээ сартай хамт ууна. Дараа нь их хотын чимээнд уусан, гайхалтай гэгээн зүүд зүүдлэн унтна. /Ногоон тал, ойн жим, яагаад ч юм ягаан шувуу.../

-Ямар ч азгүй юм бэ дээ, хаягдчих гэж, хэмээн ажлын газрынхан нь жиг жуг хийнэ.

Харин бүсгүй, жолоонд сууж эрхээ авч, хямд авсаархан машин авч, аяллын үнэтэй цүнх авав.

-Нөхөр нь хаяад явна гэдэг чинь  томоохон цохилт шүү хэмээн танилууд нь өөр хоорондоо ярилцацгаана.

Харин бүсгүй, сайхан хөнгөн даашинзаа өмсч, сийрсэн малгай хөнгөн гуталтай дэврүүхэн хатагтай, нохойгоо авч хөгжүүнээр аялахаар явлаа. Хөдөө хээрийн эрүүл салхинд багахан борлож турсан ч, цог золбоотой бүсгүй буцаж ирлээ.

Гэтэл гэрт нь, өнөөх нөхөр нь, “-Би алдаа гаргажээ, намайг уучилаа ч дээ” гээд хүлээж суух юм гэнэ. Бүсгүй хавьтуулсангүй, утасны дугаараа сольж, цоожоо солихоор хүн дуудав. Цоожийг нь сольж өгсөн залуу хархүү бас хатуу хар кофенд дуртай, сарыг шохоорхон бодлогширдог, нохойнд хайртай, ном уншдаг нэгэн байж таарав. Хэсэг  хугацаа өнгөрч, үзэл бодол нэгтэй залуус уулзаж учирсаар гэрлэх болжээ. Нохой нь ч учиргүй баяртай байсан гэдэг. Жилийн дараа залуу маань өлгийн дуу аятайхан аялчихдаг авъяастай, хоёрын хоёр ихэр охидоо хуурайлчихдаг мундаг аав гэдгээ харуулсан ажгуу. Ингээд дахиад жилийн дараа, хотын захад зуслангийн байшин авч өөрсдийн хүслээр засч тохижуулав. Охид нь жаргалтайгаар гүйлдэн тоглож, нохой нь эрхлэн хуцах цонхоор сонсогдно. Сүүдрэвч дотор бие биенээ налан суух хоёр маань, үдшийн амгаланд  бие биендээ уусан “хайртай” гэж шивнэхэд, саран авхай инээмсэглэн, сүүмгэр гэрлээрээ илбэх ажээ.

Хаягдсан эмэгтэйн тухай жаргалтай түүх өндөрлөхгүй үрэглжлэх нь дамжиггүй ээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Ярилцлага Гэр бүл

Aug 18, 2020 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Чи... Jan 14, 2020 - Nimo