Sugar

Эрчүүд ээ! Эмэгтэй хүн бол эрэгтэй хүний тусгал юм байна шүү!

Feb 17, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Эрчүүд ээ! Эмэгтэй хүн бол эрэгтэй хүний тусгал юм байна шүү!

Нэгэн, амьдралаа эхлүүлээд хэдэн жил болж байгаа залуу, -Эрчүүд ээ! Эмэгтэй хүн бол эрэгтэй хүний тусгал юм байна гэдгийг өөрийнхөө туршлагаас мэдлээ. Эмэгтэй хүн хэр  жаргалтай байна төдийчинээ та ч жаргалтай байх болно. Итгэхгүй байгаа бол шалгаад үзээрэй гээд дараах түүхээ хуваалцжээ.

-Гэрлэлт, гэр бүлийн амьдрал маань нэг л биш болж, би ч гаднаас жаргал хайхаар шийдэж, нууц амрагтай боллоо. Гэсэн ч бүх зүйл төлөвлөснөөс минь ондоогоор эргэсэн нь их азтай зүйл гэж би их баяртай байгаа. Нууц амрагаар сонгосон бүсгүй маань залуухан, инээж хөхөрсөн, гэр бүл, ахуй амьдралд дарагдаж амжаагүй хамт ажилладаг нэгэн. Би түүнийг хоолонд урьж, цэцэг бэлэг авч өгсөөр өөрийн болгохдоо тулаад байлаа. Эхнэртээ ажил ихтэй, тэгсэн ингэсэн гэж худал ярин оройтож ирдэгээ аргацаана. Ингэсээр нэг өдөр өнөөх хамт ажилладаг бүсгүй маань гэртээ урих нь тэр. Ойртож дотносох нь тодорхой боллоо. Маргааш гэрт нь очихоор болсон би,  ялагчийн дүрд орчихсон, даавар минь буцалж, дотор сэтгэл минь хөөрчихсөн хүн гэртээ ирлээ. Хүүхдүүд маань унтчихаж, эхнэр минь  босч хоол халааж өгөхдөө царайг минь нухацтайхан харсан ч юм хэлсэнгүй, тэгснээ ядраад байна гээд унтлагын өрөө рүү оров. Миний маадгар царайг хараад бараг л тааварласан болов уу даа гэж бодсон би, багахан эвгүйрхсэн ч, оройн хоолоо идэж, усанд орчихоод унтлагын өрөөнд ортол эхнэр маань хувцастайгаа бүхлээрээ унтаж байна. Хажуу дах ширээн дээр нь зургийн цомог маань дэлгээстэй хэвтнэ. Би маргаашийн үйл явдлаас болоод догдлоостой амьтан нойр хүрэхгүй сэргэг гэж жигтэйхэн. Тэгээд зургийн цомогоо үзэж эхлэв. Эхний хуудсан дээр эхнэрийн минь анх танилцаж байсан үеийн зураг байна. Хөөрхөн, үзэсгэлэнтэй бүсгүй, хажууд нь миний сэтгэл хангалуун, жаргалтай гэж жигтэйхэн царай. Гэнэт би эхнэртээ үхтлээ дурлаж байснаа, зүрх сэтгэлийг нь булаах гэж хөөцөлдөж байсан минь, шөнө ч унтаж чадахгүй үхэлдэж байсан маань санаанд ороод ирэв. Сэтгэл хачин болж, нүд минь чийглэгдээд... Тэр шөнөө би унтаж чадахгүй хөрвөөж хонолоо. Өөрийнхөө хачин үйлдлийн талаар, мөн гэр бүл, ахуй амьдрал, хүүхдүүд,  асуудлуудынхаа тухай гэсээр өчнөөн юм бодож байснаа, гэнэт эхнэр минь тэр үеийн М...-рээ байсан ч болоосой гэж хүсэв. Тэгснээ, гэнэт би эхнэрээ урдных шигээ анхаарч, хайрлаж болох юм байна шүү дээ гэсэн бодол орж ирж, ажлынхаа бүсгүйг тосч явснаас эхнэрээ сайхан кафед урьж, гэнэтийн бэлэг барьж болох юм, мөн магтаал хайрлаж яагаад болохгүй гэж бодов. Ингээд үүрийн 5 цаг болж байхад би, ээждээ утасдаж энэ өдөр хүүхдүүдийг харж өгөхийг гуйгаад, цэцгийн эрэлд гарав. Эхнэрээ өглөө сэрэхээс нь өмнө өглөөний цай бэлтгэж оронд нь өгөхөөр унтлагын өрөөнд ортол эхнэр минь баярлаж гайхсандаа дуу гарч чадахгүй болчихсон юм. Би түүний задран унасан үсний хонгорцгуудыг нь хуруугаараа оролдон энхрийлж, төрөлх дотно царайг нь шимтэн ширтэж, цэцэг олдсон бол хичнээн их баярлах байсан бол гэж бас багахан харамсан, баярласан царайг нь хайрлан суусан даа. Тэр өдрөө би өнөөх бүсгүйтэй уулзаагүй. Утасдахад нь авчихмаар санагдсан ч аваагүй. Тэгтэл, сэтгэл минь хөнгөрч, худлаа ярих шаардлагагүй, гэр бүлээсээ мөнгө хумслах хэрэгцээгүй, нуух хаах зүйлгүй байхын жаргалыг амссан. Тэгээд эхнэрээ гоо сайхны газар руу явуулж, орой нь бид хоёр урд нь ордог байсан дуртай ресторандаа зоог барьж, маргааш нь кино үзэж, анхных шигээ жинхэнэ болзож зугаалцгаасан. Энэ хоёр өдөрт эхнэр минь үлгэрийн юм шиг л өөрчилөгдөж, яг л урдны миний дурлаж байсан хонгорхон охин болж хувирсан юм. Одоо би, эхнэр, гэр бүлдээ анхаарч,  санаа тавихыг үнэхээр хичээдэг, тэгээд түүнийхээ хариуд, хорвоогийн ямар ч нууц амрагаас авч чадахааргүй таашаал жаргалыг амсаж яваа. Тиймээс, эрчүүд минь, эхнэрүүд маань бидний л тусгал гэдгийг ойлгож яваарай гэж дахин захья гэж бичжээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Feb 17, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.